Улаанбаатар хот орчимд хуурайшилтын зэрэг өндөр байна

Нийгэм

Энэ жил нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, хуурайшилтын зэрэг өндөр түвшинд байна.

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага  609 удаа, шар өвсний галын дуудлага 26 удаа, ойн түймэр нэг бүртгэгдсэн.

Эрэн хайх аврах ажиллагааны 27 удаагийн дуудлагын дагуу ажиллажээ.

Хуурайшилт ихтэй байна гэдэг түймэр гарч болзошгүй аюултай нөхцөл байдал үүсэх урьтал суурь болж байдаг. 

Ойн тухай хуульд ч түймрийн нэн аюултай улиралд гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20,  есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хоорондох цаг үеийг багтаасан нь бий.

Хавар, намрын хуурайшилтын улиралд нийслэлийн ногоон бүсэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнт эргүүл гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар дээр ойн түймрийн штаб ажиллуулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар,  Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газрын нийт 25 албан хаагч өдөр бүр 50-60 чиглэлд 09:00-20:00 цагт ногоон бүсэд эргүүлд гарч байгаа.