Нийгэм

Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллагаа найм дахь удаагаа сонгож шинэ парламентаа бүрдүүллээ. Энэ удаагийн сонгуульд сонгогчдын нэрсийн жагсаалтад багтсан 2 сая 3969 сонгогчоос 1 сая 475 мянга нь саналаа өгсөн байна. Нийт сонгогчдын 41 хувь нь 35-аас доош насны иргэд, 59 хувь нь 35 ба түүнээс дээш насныхан байжээ.

Санал авах өдөр сонгуулийн насанд буюу 18 нас хүрч анх удаа саналаа өгсөн 130 сонгогч байсан бол 100 ба түүнээс дээш насны 92 сонгогч саналаа өгчээ. Улмаар улсын дундаж ирц 73.6 хувьтай гарсан нь 2012 оны сонгуулийн ирцээс 12 хувиар их, 2016 оны сонгуулийн ирцээс 1 хувиар бага үзүүлэлт юм. Томсгосон тойрог олон мандатын зарчмаар явагдсан дөрөв дэх удаагийн сонгуульд 13 нам 4 эвсэл 121 бие даагч буюу нийт 604 нэр дэвшигч өрсөлдлөө. Улмаар МАН-аас 62 нэр дэвшигч, АН-аас 11, Зөв хүн электорат эвсэл, Та бидний эвслээс тус бүр нэг, Бие дааж нэр дэвшсэн нэг нэр дэвшигч ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгууль урьд өмнөх жилүүдээс харьцангуй тайван, сонгогчдын идэвхи оролцоо сайтай болж өнгөрснийг СЕХ ны дарга онцолсон юм.

Ч. СОДНОМЦЭРЭН: АСУУДАЛ ГАРЧ, ГОМДОЛ ИРЭЭГҮЙ ТАЙВАН СОНГУУЛЬ БОЛЛОО

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль дэлхий нийтээр цар тахал тархсан хүнд нөхцөлд болсноороо онцлогтой. Гэхдээ Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан заавар зөвлөмж, Засгийн газраас батласан журмын хүрээнд халдвар хамгааллыг өндөр түвшинд ханган ажилласныг тэрээр онцоллоо. Цар тахлаас сэргийлэхийн зэрэгцээ нийт нутгаар бороо хур ихтэй, аянга бууж мөндөр орсон цаг агаарын хүнд нөхцөлд сонгуулийн санал хураалтыг явуулсан хэдий ч хэсгийн хороод дүнгээ маш хурдан дамжуулан шуурхай ажилласан гэдгийг СЕХ мэдэгдлээ. Санал хураалт 22 цагт дууссанаас хойш 2070 хэсгийн хорооноос 849 хэсэг буюу 41.2 хувьд нь хяналтын тоолого хийсэн байна. Хяналтын тооллого санал тоолох машины дүнтэй зөрөөгүй гэдгийг мэдэгдлээ. 

6-Р САРЫН 24 НД СОНГУУЛИЙН НАСАНД ХҮРЧ АНХ УДАА САНАЛ ӨГСӨН 130 СОНГОГЧ БАЙНА

Нийт нутгаар хүчтэй аадар бороо орж гол ус үерлэн, санал авах зарим байрууд дээр аянга буусан байна. Мөн 370 хэсгийн ороонд сүлжээний асуудал үүссэн ч холбогдох байгууллагын мэргэжилтнүүд түргэн шуурхай асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авчээ. Үүнээс өөр элдэв асуудал, маргаан гараагүй санал хураах үйл ажиллагаа амжилттай явагдаж ард түмэн ирэх дөрвөн жилд төр барих эрхмүүдийг тодрууллаа.

100 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ 92 СОНГОГЧ САНАЛ ӨГЧЭЭ