Валют арилжааны “Найман шарга” захад доллар 3000-3200 төгрөг байна

Нийгэм

Манай улс валютын хоёр ханштай болоод байна. Монголбанкнаас нэг үнэ зарладаг бол Найман шарга зах дээр бас нэг өөр үнэтэй байгаа юм. Ийм тохиолдол 1990 оны үеийн Монголын нийгэмд л байсан гэдгийг Их хурлын гишүүд ч шүүмжилж эхэллээ. Дээр нь доллар олдохоо больж, долларын гүйлгээ ч зарим үед доголдоод байгаа юм. Монголбанк болон валютын зах дээр юу өрнөж байгааг манай сэтгүүлч сурвалжиллаа. 

Валют арилжааны Найман шарга захад одоогоос нэг сарын өмнө доллар 2880 төгрөг байжээ. Харин өнөөдөр 3000-3200 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энд долларын олдоц муу байгааг валютын наймаачид ярьж байна. Ихэнх валют арилжааны газрууд долларын ханшаа байршуулаагүй байлаа. Өнгөрсөн өдрүүдэд Орос иргэд их хэмжээний доллар солиулснаас хойш долларын олдоц буурсан гэж зарим ченжүүд ч хэлж байна.  

Монголбанкны өчигдрийн хаалтын ханшаар доллар 2948 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд Монголбанкны ханшаас 30 орчим төгрөгийн зөрүүтэй буюу 2970 төгрөгөөр валют авч байгаа бол 2995-2997 төгрөгөөр зарж байна. Банкуудын хувьд өдөрт тодорхой хязгаартайгаар валют гаргах болжээ. 

Долларын ханшийн өсөлт юунаас шалтгаалж байгаа талаар Төв банк мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.