Монголын залуучууд “Ажлаа хий” гэж төр засгаас шаардан, яаж ч хичээгээд өндийхгүй байгаагаа илэрхийлэн жагссаар байна

Нийгэм

4-р сарын 7-нд 11 цагийн орчимд хотын төв талбайд залуус "Ажлаа хий, Өөрсдөө хэмнэ, Адилхан амьдаръя, Хүний эрхийг эрхэмлэдэг хүн бай, 3-хан сая хүнийг гуйлгачин амьдруулмааргүй байна, Цаас үнэтэй, төгрөг үнэгүй байна, Эх орноосоо зугтах мөрөөдөлтэй амьдармааргүй байна, Бидэнд ирээдүй алга, Одоо цагийг хулгайлж дууссан, ирээдүйгээс хулгай хийхээ зогсоо" зэрэг өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн бичвэрүүд барин жагсч эхэлсэн юм. 

Үдээс хойш энэ жагсаал илүү олуулаа болж, 18 цагийн орчмоос талбайн 3/1-г дүүртэл цуглацгааж байлаа. 35 хүртэлх насныхан нийслэлийн тал талаас цуглацгаасан энэ жагсаал 2 хуваагдаж, их тэнгэрийн ам руу хагас нь алхлаа. Үдшийн 22 цагийн үед илүү ширүүн уур амьсгал руу шилжсэн. Цагдаагийн байгууллага бэлэн байдалд ч орсон байлаа. ТВ5 тв энэ үйл явдлыг газар дээрээс нь шууд үзүүлсэн. 

 

Жагсагчдын үйлдэл 22 цагт ширүүссэн учраас цагдаагийн байгууллага нэмэлт хүч гарган ажиллаж 18 хүнийг эрүүлжүүлэн,  тодорхой тооны хүмүүсийг түр саатуулжээ.  

Өнөөдөр 11 цагийн байдлаар залуучууд маань тайван жагсч, талбайд сууцгаасан байлаа. Энэ үеэр жагсаалд оролцохоор ирсэн аль ч намын улс төрчдийг залуус шууд хөөж, тойргоос гаргаж байлаа.

Энэ үеэр нийгмийн сүлжээнд төрийг өмгөөлдөг МЗХ хаана байна, намуудын дэргэдэх залуучуудын байгууллага хаана байна гэсэн асуултуудыг хөвөрч, өчигдөр очсон дүү нартаа баярлалаа, өнөөдөр би очиж жагсана гэсэн очно оо хаштаагтай постууд энэ өдрийн хамгийн олон шэйрлэгдсэн. Нийгмийн сүлжээний хамгийн олон дагагчтай инфлүүзрүүдээс Амаржин, Амартүвшин, жүжигчин Навчаа нар төв талбайгаас шууд дамжуулж, залуусаа үзэл бодлоо тайвнаар илэрхийлэхийг уриалж байлаа.