Хуримын нүүр будалтаар монгол эмэгтэйн урд гишгэх нэг ч маке-ап артист дэлхийд алга байна. Гоо сайхны олимп гэгддэг маке-апын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуримын будалт төрөлд нүүр будагч Ариунзаяа хоёр жил дарааллан түрүүллээ. Олон мянган артистууд оролцдог энэ тэмцээнд өмнө нь нэг улсаас хоёр жил дарааллан түрүүлж байсан тохиолдол байгаагүй юм.
Нэг улсаас нэг хүн жил дараалан хошой аварга болсон ийм тохиолдол 75 жилийн түүхтэй дэлхийн гоо сайхны олимпын түүхэнд үгүй юм. Тэгвэл мэйк-ап артист Ариунзаяа түүхийн шинэ хуудас нээж, 50-иад орны оролцогчдоос ур чадвар, өндөр мэдрэмжээрээ ялгарч чадлаа. Түрүү жил неон будалтын төрлөөр аварга болж, дэлхийн артистуудыг шагшуулж байсан тэрбээр энэ жил хуримын будалтын төрөлд мөн л аваргын цом атгаж, дэлхийн хошой аварга боллоо.
Монгол орныг тал нутаг, морь малаар төсөөлдөг зарим гадныхны ойлголтыг засч, монголд гоо сайхан, нүүр будалтын урлаг өндөр хөгжсөн, артистууд нь дэлхийг түүчээлдэг гэдгийг харуулахыг эрмэлзсэн гэж Ариунзаяа ярьж байна.
Мэйк-ап артист Ариунзаяа саяхан олон улсын тэмцээний шүүгчийн эрхээ авсан байна. Цаашид шавь нараа бэлтгэж, тив дэлхийн тэмцээнд хамтдаа улам их амжилт гаргахыг эрмэлзэж байгаа гэлээ.