Нийгэм

Хо ши миний нэрэмжит 14-р сургуулийн удирдлагууд болон эцэг эхчүүдийн хооронд үл ойлголцол үүсчээ. Энэ сургууль 3-р ангийн 400 гаруй хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэх шийд гэнэтхэн гаргасан байна. Учир нь сургууль хүчин чадлаа 1300 гаруй хүүхдээр давуулж, хэт өндөр ачаалал авч эхэлжээ. Харин эцэг эхчүүд энэ шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийллээ. Шилжүүлэх ёстой бол харъяаллын бус хүүхдүүдээ явуулахыг шаардсан байна.

Нийслэлийн БЗД-ийн 14-р сургуулийн захиргаа 3-р ангийн 400 гаруй хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэхээр болсон байна. Ингэхдээ эцэг эхчүүдэд нь албан ёсны мэдэгдэл хийгээгүй, тэдний саналыг асууж, тайлбар хийлгүй шилжүүлэхээр болжээ. Энэ шийдвэрийг эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Харин сургуулийн захирал "Анги танхимын хүрэлцээ муу байгаа. Энэ жил ашиглалтад орох байсан өргөтгөлийн ажил цар тахал, санхүүжилтийн улмаас гацсан. Мөн манай сургууль 3600 хүүхдийн багтаамжтай ч одоо 4900 хүүхэд хичээллэж байна. Тиймээс энэ хүүхдүүдийг БЗД-ийн 27-р сургууль руу шилжүүлэхээс өөр аргагүй " гэлээ.

Хэрэв эцэг эхчүүд зөвшөөрөхгүй бол тус сургууль гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсэх юм. Эцэг эхчүүдийн зүгээс "Харъяаллын бус олон хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүдээ шилжүүлэх ёстой. Бид харъяаллын дагуу хүүхдүүдээ өгч байгаа. 10 ч хүрээгүй хүүхдээ хол сургууль явуулж чадахгүй" хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.