НИТХ-ын ээлжит XVII хуралдаанаар иргэдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах саналуудыг төлөөлөгчид хэлэлцлээ.
Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхтэй холбоотойгоор иргэдийн зүгээс санал, шүүмжлэл, гомдол ирдэг. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, жолоочид сануулах, торгох шийдвэрийг бичгээр буюу цахимаар гаргах, мөн тухайн жилдээ анх удаа зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийн жолооч, эзэмшигч, өмчлөгчид сануулах, давтан гаргасан бол цахимаар шийтгэл ногдуулах, гурав дахь удаагаа гаргасан бол цахимаар шийдвэр гаргаж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх бөгөөд үндсэн төлбөрийг төлүүлэн зөрчлийг арилгуулах зэрэг нэмэлт, өөрчлөлтийг журамд тусгах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.
Мөн зөрчлийн зураг, дүрс бичлэгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв хүлээн авч, нэгдсэн цахим удирдлага, хяналтаар хангах, зөөж шилжүүлэхийн өмнө зөрчлийн талаарх мэдээллийг хянан баталгаажуулах зэрэг заалтыг тусгах саналыг тэрбээр онцолсон.
Төлөөлөгчдийн зүгээс тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх ажиллагааг хариуцаж буй ачилтын компаниудад хяналт тавих, мөн эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар замын хөдөлгөөнд болон түгжрэлд хэрхэн нөлөөлөх талаар судлах, заалтуудыг илүү нарийвчлах зэргээр саналуудаа илэрхийллээ.
Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах төлөөлөгчдийн болон иргэдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС