Хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа сайжруулъя!

Нийгэм

Өнгөрсөн 2022 онд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос төмөр хийцэд хөл, толгой, гар хэсэг хавчуулагдсан 4, нүхэн жорлонд унасан 3, өндрөөс унах гэж байсан 2, төөрсөн 1, гэр болон автомашинд түгжигдсэн 4, усны ослын 8, нийт 22 удаагийн дуудлага мэдээллээр нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 13 хүүхдийн амь насыг аварсан.

Үүнээс голын усны ослоор 3-15 насны 8 хүүхэд, лифтны хонгилд бага насны 1 хүүхэд унаж амь насаа алдсан байна.

Энэ он гарсаар бага насны 2 хүүхэд нүхэн жорлонд унаж, 1 хүүхэд осолдож амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан.

Эцэг, эх, асран хамгаалагч нарын анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд багачууд ахуйн осолд өртөх эрсдэл өндөр байдаг.

Гэр хорооллын нүхэн жорлонд хүүхэд гэлтгүй том хүн ч унаж бэртэх, улмаар амь насаа алдах эрсдэлтэй байдаг тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Сурагчдын зуны улирлын амралт эхэлж байгаа тул хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, таны хүүхэд хаана хэнтэй тоглож, юу хийж байгааг тогтмол хянах, бага насны хүүхдийг эрсдэлтэй орчинд хяналтгүй орхихгүй байх, гэр хорооллын болон зуслангийн нүхэн жорлон, худаг, ухсан нүх зэрэгт хүүхэд унаж, бэртэхээс хамгаалж таг, хаалт хийж бэхлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эцэг, эх асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.