14 настай Олимпын аварга 30,000 ам.долларын урамшуулал, бусад шагналаас татгалзжээ

Спорт

Хятадын Олимпын алтан медальт Фуан Хонгчаны гэр бүл мөнгөн болон үл хөдлөх хөрөнгөний шагнал урамшууллаас татгалзаж, тэд зүгээр л мэнд дамжуулахад л болно, түүнийг ганцааранг нь орхино уу гэж гэрийнх нь гадаа цуглараад байгаа фэнүүдээс нь гуйжээ.

14 настай Хонгчан нь эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 10 метрийн тавцантай шумбалтын төрөлд 466.20 гэсэн илт давуу оноогоор аваргалсан. Токио олимпын наадамд оролцсон Хятадын хамгийн залуу тамирчин юм байна.

Эх орондоо од болоод байгаа залуу тамирчин өөрийн амжилтаа 2017 онд автомашины осолд орж хүнд өвчтэй, олон удаа эмнэлэгт хэвтсэн ээждээ зориулж байна гэсэн ярилцлагын дараа улам олон бишрэгчтэй болжээ.

"Миний ээж өвчтэй, гэхдээ би энэ өвчнөөс нь яаж салгахаа мэдэхгүй байна. Би түүний эмчилгээний зардлыг нь төлж, эмчлэхийн тулд их мөнгө хийхийг хүсч байна

гэж тэрээр алтан медаль хүртснийхээ дараа ярихдаа дурджээ.

Хонгчуаны ар гэрийн хүнд байдлыг нь мэдсэн олон хүн түүний Гуандонг мужийн хөдөөний тосгон Майхэй дэх гэрт нь ирж бэлэг илгээж эхэлсэн байна. Хүмүүсийн цуваа огт тасрахгүй байгаа нь тамирчны гэр бүл, мөн тосгоныхны өдөр тутмын хэвийн амьдралд нь төвөгтэй санагдах болсон байна.

Өдөртөө 2 мянган хүн дунджаар ирдэг болж,  зарим нь гэр бүлийнхэнтэй нь сэлфи зураг авахуулахыг гуйн, бүр  дурсгалын зүйл болгон жимснээс нь хүртэл хулгайлж шөнө хүртэл  гэрийнх нь гадаа сэлгүүцэн, чимээ шуугиан тарьж, хүмүүсийн унтах амрах цагийг нь үймүүлэхэд хүрчээ. 

Тамирчны аав нь жүржийн тариаланч юм. Тэдэнд 200 мянган юан буюу 30, 800 ам.долларын өртөгтэй байр санал болгосон байна.

Энэ бүх бэлэгнээс татгалзсан. Ирсэнд талархаж байна аа. Гэхдээ би юу ч авахгүй, нэг ширхэг зоос ч авахгүй

гэж Хонгчуаны аав Вэнма хэлжээ.

Гэхдээ Хонгчуаны гэрт очоод байгаа хүмүүсийн зарим нь үнэхээр шүтэн бишрэгчид нь эсэхэд эргэлзэж байгаа гэнэ.

Зүгээр хандалт авах гэсэн хүмүүс байж болох. Хэрэв олон дагагчтай болохын тулд түүний гэрт ирж байгаа бол энэ бол хүн чанаргүй хэрэг юм. Ээж нь өвчтэй байгаа, түүнд төвөг учруулж болохгүй.

гэж нэг Weibo хэрэглэгч бичсэн байна.