Япон тамирчны медалийг хотын дарга нь хазсаны улмаас дахин солиулахад хүрчээ

Спорт

Токио-2020 наадамд аваргалсан софтбол багийн гишүүн Миу Гото-гийн алтан медалийг нь Нагояа хотын дарга Такаши Кавамура хазаж гэмтээсний улмаас Олимпын албаныхан шинээр солиход хүрчээ.

Японы софтбол баг Токиогийн олимпын наадамд АНУ-ын багтай учраа таарч 2:0 онооны харьцаагаар ялалт байгуулсан юм.

20 настай Гото 8 сарын 4-нд Нагояа хотын танхимд хүндэтгэлийн айлчлал хийх үеэр 72 настай Кавамура хүзүүнд нь медалийг нь зүүж өгөхийг хүсэн, мөн тамирчнаас "Хайр сэтгэлийн харилцаа тогтоохыг тамирчдад хориглодог уу?" гэж асууж бэлгийн даримт үзүүлсэн гэж буруутгагдаад байгаа юм.

Кавамура амны хаалтаа аван, тамирчид олимпын наадамд түрүүлэхдээ хийдэг медаль хазах үйлдлийг дууриажээ.

Түүний эдгээр үйлдэл нь интернэтэд олон нийтийн дургүйцлийг хүргэж зарим тамирчид үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Хэрэв надад ийм зүйл тохиолдсон бол би уйлах байсан. Би медальдаа зураас гаргахгүйн тулд болгоомжтой ханддаг 

гэж жүдо төрөлд алтан медаль хүртсэн Наохиса Такато жиргэжээ.

Зарим хүмүүсийн зүгээс  ч мөн "Халдвар хамгааллын дэглэмийг зөрчин амны хаалтаа авсан, үл хүндэтгэх үйлдэл гаргасан гэж шүүмжилж байгаа юм.

Хотын захиргаа дээр энэхүү явдлын дараа 7 мянган гаруй гомдол иржээ.

Шүүмжлэлд өртөөд байгаа хотын дарга

"Түүнийг эвгүй байдалд оруулсанд гүнээ харамсаж байна. Би залуу хүмүүсээс найз залуу, бүсгүйтэй эсэхийг тэгж асуудаг нь тэднийг илүү нээлттэй болгохыг хичээсэндээ тэр юм. Хотын даргын хувьд хүмүүсээ чөлөөтэй яриулах нь чухал юм.."

гэжээ.

Тэрээр хазсан медалийг сольж өгөхөд гарах төлбөрийг хариуцах хүсэлтэйгээ мөн илэрхийлсэн байна.