Швейцарын Люцерн хотод 12-р сарын дундуур зохиогдох ёстой байсан Өвлийн Оюутны спортын наадам коронавирусний шинэ хувилбар болох Омикрон дэгдсэнээс шалтгаалан хойшлогдсон байна.
Дэлхийн оюутан залуусын Өвлийн Универсиадыг Омикрон вирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор улс орнууд хилийн хориг тавьж, Швейцарь улс гадны иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт тавьсантай холбоотойгоор хойшлуулах шийдвэр гаргажээ.
Швейцарын Оюутан залуусын Өвлийн Универсиадыг анх 2021 оны 1-р сард зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч FISU буюу Олон улсын Оюутны спортын Холбооны шийдвэрээр 2020 оны намар тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гарган, улмаар 2021 оны 12-р сарын 11-21-ний хооронд зохион явуулахаар тогтоод байжээ. Өвлийн Оюутны спортын наадмыг Швейцарын 6 кантон буюу мужид спортын 11 төрөлд явуулахаар төлөвлөөд байжээ. Люцерны Оюутны спортын наадамд дэлхийн 50 гаруй улс орны 540 их дээд сургуулийн 1,600 гаруй оюутан залуус оролцох ёстой байжээ. Тэгвэл Өвлийн оюутны спортын наадмыг дэлхийн улс орнуудад шинээр илрээд байгаа коронавирусний шинэ хувилбар болох омикрон дэгдсэнтэй холбоотойгоор дахин хойшлуулжээ.