“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам эхлэхэд арваад хоногийн хугацаа үлдээд байна.
2-р сарын 4-нд нээлтээ хийх Өвлийн Олимпийн наадмын өмнө Хятадын нийслэл Бээжин хотод Олимпийн хотхон нээгдэж, баг тамирчид, зочид төлөөлөгчдөө хүлээн авч эхэлжээ.
Олимпийн хотхоны албан ёсны нээлт 1-р сарын 27-нд болох ёстой ч 23-ны өдрөөс баг тамирчид, албаны төлөөлөгчдөө хүлээн авч эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар “Бээжин-2022” Олимпийн наадамд оролцох улс орнуудаас 20-иод орны баг тамирчид Олимпийн хотхон дахь байр сууцанд оржээ. Цар тахлын халдварын улмаас гаднаас ирж байгаа баг тамирчид, албаны төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхнийг эхлээд “хөөс” гэж нэрлэгдээд байгаа тусгай бүсэд байлгаж, улмаар цар тахлын халдвар илрээгүй бол цааш тосгон руу нэвтрүүлж байгаа юм. Хятадын эрх баригчдын мэдээлснээр гадны албаны төлөөлөгчдийн дундаас 72 хүнээс коронавирус илэрсэн бол тамирчдын дунд ковид илрээгүй байна. “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам нийслэл Бээжин хот, нийслэлийн дүүрэгт багтах Яньчин хот болон Хятадын хойд хэсгийн Хэбэй мужийн дэргэдэх Жанчхүү хотод 3 газарт нэгэн зэрэг болох юм. Тиймээс Бээжингийн Олимп, Паралимпийн наадмын тамирчдын тосгоныг эдгээр гурван газарт байгуулжээ. Бээжингийн Олимпийн наадмын тосгон 1-р сарын 23-ны өдрөөс эхлэн 53 хоногийн хугацаанд Олимпийн баг тамирчид, зохион байгуулагчдад нээлттэй байх юм.