Япон улс ковид-19 цар тахлын хязгаарлалтыг шат шатаар бууруулж, 6-р сарын 1-нээс дотооддоо өдөрт 20 мянган жуулчин хүлээн авахаар болжээ.
Жуулчдыг тодорхой шалгуур хангасан тохиолдолд нэвтрүүлж байсан ч, ирэх сараас хүлээн авах жуулчдын тоог нэмэгдүүлж байгаа юм. Ингэхдээ 100 орчим улсыг халдварын эрсдлээр нь гурав хувааж, тухайн орны иргэдийг өөр өөр шалгуураар нэвтрүүлнэ. Улаан, шар, цэнхэр гэсэн гурван хэсэгт хувааж байгаа бөгөөд Монгол улс цэнхэр буюу эрсдэл багад тооцогдож байна.
Монгол улсад сүүлийн 14 хоног зорчсон иргэд Япон руу нэвтрэхдээ вакцины гэрчилгээгээ шалгуулж, хил дээр түргэвчилсэн шинжилгээ хийлгэхэд хангалттай.
2020 онд Япон улс халдварын хязгаарлалт тогтоосноор гадаадаас ирэх жуулчны тоо 90 хувиар буурсан.