Улс төр

АНУ-д Талархлын баяраа тэмдэглэх зуурт Умард Солонгосын тал шинэ загварын хоёр пуужин харважээ. Пхеньян улсынхаа зүүн хойд хэсэгт байрлах Ёнпхо суурингийн дэргэдээс Япон тэнгисийн зүг орон нутгийн цагаар пүрэв гарагийн 17 цагийн үед хоёр пуужин харвасан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Өмнөд Солонгосын талын мэдээлж байгаагаар сүүлийн пуужингийн харвалт нь он гарснаас хойшхи Умард Солонгосын харвасан 13 дахь пуужингийн харвалт болжээ. Сөүлийн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар тэд нөхцөл байдлыг хяналтандаа авч, байлдааны бэлэн байдалд байгаа гэнэ. Тэгвэл Японы батлан хамгаалахын яам Пхеньяны харвасан пуужин улсынх нь нутаг дэвсгэр, эрх ашигт нөлөөлөөгүй гэдгийг мэдэгджээ.

Японы эргийн хамгаалалтынханы мэдээлж байгаагаар улсынх нь Япон тэнгис дэх эдийн засгийн бүсэд ямар ч пуужин, гадны биет тусаагүй гэнэ. Японы ерөнхий сайд Шинзо Абэ Пхеньяны дур мэдэн хийж байгаа пуужингийн харвалтууд Солонгосын хойгийн бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, хямралыг сэдрээж байна. Тиймээс Пхеньян энэ мэт үйлдлээ сайн дураар таслан зогсоох нь зүйтэй гэжээ.