Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны зөвлөлд хандан хийсэн мэдэгдэлдээ улсынхаа үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах болно гэж мэдэгджээ. Дээр хэлсэнчлэн Путин улсынхаа үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улсынхаа гол хуулийн үндсэн зарчимд халдахгүй, харин цаг үетэй холбоотой үүсч гарч ирсэн нөхцөл шаардлагыг тусган өөрчлөлт явуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

ОХУ-ын тэргүүн Холбооны зөвлөлд хандан хийсэн мэдэгдэлдээ: -Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуулийн үндсэн зарчимд нөлөөлөхгүй учраас улсын парламентаар хэлэлцэгдэх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь улс орны улс төрийн систем, гүйцэтгэх засаглал, хууль эрхзүй, шүүх засаглалтай холбоотой учраас парламентаар оруулахаас гадна бүх ард түмний санал асуулгаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. 

ОХУ-ын тэргүүн ийнхүү мэдэгдэхдээ улс орныхоо Үндсэн хуулийг шинээр хэлэлцэн батлах шаардлага байхгүй, зөвхөн зарим шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах болно гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Владимир Путин улсынхаа үндсэн хуулинд оруулах зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлтийн зорилго, чиглэл, агуулга, ач холбогдлын талаар тодруулан мэдэгдэж, нэмэлт тайлбар хийсэн юм. 2019 оны 12-р сард улсынхаа нийт ард иргэдэд хандан, сэтгүүлчдэд зориулан хийлгэж байсан хэвлэлийн бага хурал дээр Путин улсынхаа Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь шаардлагатай эсэх талаар мөн тайлбар өгч байсан юм. Тухайн үед хэвлэл мэдээллийнхэн Путиныг үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан, төрийн тэргүүнээр улиран сонгогдох эрхийн талаарх хууль тогтоомжоос “улиран” гэдэг үгийг авч хаях нь зүйтэй гэж байсан нь түүнийг улсынхаа ерөнхийлөгчөөр хэдэн удаа ч сонгогдох эрхийг бүрдүүлэхээр чармайж байна гэж хардахад хүргэж байсан юм.