Үйл явдал

Зүүн хойд Энэтхэг, Бангладешт усархаг борооны улирал үргэлжилж байна. Хүчтэй борооны улмаас үер усны гамшиг нүүрлэжээ. Борооны урсгал Монгол, Хятад, Япон зэрэг Ази тивийг хамарсан том үерийн гамшиг дагуулах магадлалтайг анхаарууллаа.

Олон улсын Улаан загалмай нийгэмлэг, Улаан хавирган сар холбооноос Зүүн Өмнөд Азийн улс орнуудыг үер усны аюулд нэрвэгдэх эрсдэлтэй гэж тооцоолжээ. Сүүлийн үед орж байгаа хүчтэй аадар борооны улмаас 550 хүн амь эрсдэж, их хэмжээний тариалангийн талбай сүйдээд байна. Тиймээс эрсдэл бага гаргах үүднээс 10 сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай тухай Синхуа агентлаг мэдээллээ.

Тодруулбал Бангладешт газар нутгийн гуравны нэг нь усанд автаж, 500 гаруй мянган байшин үерт урсаж, олон зуун мянган хүн орон гэргүй болсон талаар НҮБ мэдэгдсэн байна. Харин Непальд хотуудын буруу дэд бүтэц, хэт нягтаршил үерийн гамшиг үүсэх гол шалтгаан болж байна. Үүнээс гадна хөрсний нуралт үүсэж 100 гаруй хүний амь эрсэджээ.

Европын холбооны хүмүүнлэгийн тусламж энэ нөхцөл байдалд туслахаар ажиллаж байна. Хүчтэй борооноос урьдчилан сэргийлж Хятад улсын 2.7 сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хөх мөрний ай сав усны түвшин урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж, үерийн түвшин гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Үер усны аюулаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийн хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг Улаан загалмайн нийгэмлэг онцолжээ.