Үйл явдал

АНУ Хонгконгийн захирагч Кэрри Лам болон бусад 10 дээд албан тушаалтны эсрэг хориг тавьсан байна. Америкийн сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин Хонгконгийн автономит эрхэнд халдсан албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авч байгааг хэмээн мэдэгджээ.

Хятадын Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталснаар иргэдийн автономит эрхэнд халдсан гэж АНУ үзэж байна. Хоригт Хонгконгийн цагдаагийн газрын өндөр албан тушаалтнууд, улс төрийн нарийн бичгүүд багтжээ. Кэрри Лам Хонгконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийг батлуулах түлхэц өгч, 2019 онд хэрэгтнийг эх газарт шилжүүлэн өгөх хуулийг батлахаар зорьж байсан нь иргэдийн дунд урт хугацааны эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөх шалтгаан болсон. Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл явцад оролцсонтой нь холбоотойгоор Кэрри Ламын эсрэг хориг арга хэмжээ авч байна хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Шинэ хуулийг дэлхийн маш олон орон хүний эрх, эрх чөлөөнд халдахуйц гэж буруутгаж байгаа. Харин Хятадын зүгээс энэ бол нэг улсын дотоод асуудал учраас бусад орныг гаднаас оролцохгүй байхыг дахин дахин сануулсан байна. Хориг арга хэмжээ авхуулсан албаныханы Америк дахь бүх эд хөрөнгийг хураан авна. Кэрри Лам Америкт ямар ч хөрөнгө байхгүй гэдгээ мэдэгдэн хориг арга хэмжээ авах тал дээр доог тохуу хийсэн байдлаар хандаж байсан удаатай. Тэрээр сэтгүүлчдэд “хэрвээ надад хориг арга хэмжээ авбал зүгээр л инээгээд орхино” гэж хэлж байжээ.