Уилл Смитын гаргасан үйлдлийг сахилгын хороогоор авч хэлэлцэхээр болжээ

Энтертэйнмент

Америкийн кино академи Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр жүжигчин Уилл Смитын гаргасан үйлдлийг сахилгын хороогоор авч хэлэлцэхээр болжээ. Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смит түүний эхнэрийн талаар ёс бус үг хэлсэн хөтлөгчийг тайзан дээр гарч олны нүдэн дээр алгадсан юм.

Америкийн кино академийн дээд шагнал Оскар гардуулах 94 дэх удаагийн ёслол Лос Анжелес хотноо болсон юм. Ёслолын ажиллагааны нэг хэсгийг хөтлөн явуулж байсан хошин шогийн жүжигчин Крис Рок өвчний улмаас үс нь унах болсон Уилл Смитын эхнэр жүжигчин Жадда Пинкетт-Смитын талаар оновчгүй зүйрлэн шоглож хэлсэн нь энэ бүх шуугианыг дэгдээжээ.

Уилл Смит эхнэрээ хамгаалан тайзан дээрээс оновчгүй үгээр эхнэрийнх нь нэр төрд халдсан Крис Рокийг олны нүдэн дээр хүчтэй алгадаж, дахин амнаасаа түүний эхнэрийн нэрийг хэлэхийг хориглосон байна.

Крис Рок энэ жил Оскарын шагнал анх удаа хүртсэн Уилл Смитын эсрэг гомдол мэдүүлээгүй ч Америкийн кино академи түүний болчимгүй үйлдлийг шүүмжлэн, сахилгын хороонд мэдүүлэн арга хэмжээ авна гэжээ.