Хувцаслалтаараа үргэлж олны анхаарлын төвд байдаг Ким Кардашъян энэ удаагийн Мет Галад оролцохдоо дахиад л шуугиан тарилаа. Тэрээр Мэрилин Монроегийн 1962 онд ерөнхийлөгч Жон Ф. Кеннедид зориулан төрсөн өдрийн дуу дуулж байх үеийн алдарт даашинзаар гоёжээ.
60 жилийн өмнө Холливүүдын алдарт дизайнер Жинь Луй-гийн бүтээсэн энэ даашинз нь бие барьсан загвартай, 6000 гаруй шигтгээг гараар оёж чимэглэснээрээ онцлогтой юм. Риплэегийн музей энэ даашинзыг 2016 оны дуудлага худалдаагаар 4.8 сая доллараар худалдаж авснаар түүхэн дэх хамгийн үнэтэй даашинз болсон юм.
Кардашъян Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ даашинзыг өмсөхийн тулд гуравхан долоо хоногийн хугацаанд 7 кг жин хаясан тухайгаа дурдсан байна. Зарим хүмүүс түүнийг залуу охидод богино хугацаанд эрүүл бусаар жин хаяхыг сурталчиллаа гэж шүүмжилсэн бол Риплэегийн музей “Чи бол энэ цаг үеийн Мэрилин” гэж жиргэсэн байна.