Гондурасын шүүх улсынхаа экс ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандесийг шүүхийн шийдвэрээр АНУ-ын талд хүлээлгэн өгөхөөр болжээ.
Гондурасын экс ерөнхийлөгчийг 2004-2022 оны хооронд улс орон дамнан хар тамхи дамлан худалдаалахад оролцсон гэж үзэн, Америкийн хууль хүчний байгууллага шилжүүлэн авч шүүх хүсэлтээ гаргасан юм.
Гондурасын экс ерөнхийлөгчийн өмгөөлөгчид шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдахаа илэрхийлжээ. Экс ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандесийн бүрэн эрхийн хугацаа энэ оны 1-р сард дуусгавар болсон байна. Түүнийг Америкийн талын хүсэлтээр өнгөрсөн 2-р сард түр саатуулан баривчилсан юм. Америкийн эрх баригчид Гондурасын хуулийн байгууллагад хандан ноён Эрнандес Колумби, Венесуэл зэрэг орноос Гондурасын нутаг дэвсгэрээр дамжуулан Америкийн нутаг дэвсгэр лүү их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэхэд оролцсон учраас улс орондоо шилжүүлэн авч, шүүхийн байгууллагад татах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Америкийн талын үзэж байгаагаар экс ерөнхийлөгчийг хууль бус хар тамхины наймаа эрхлэгчдийг цагдаа хуулийн мөрдөлтөөс хамгаалах зорилгоор хэдэн саяын авлига авч байсанд буруутгаж байна. Мөн Эрнандесийг хууль бусаар галт зэвсэг хадгалж, хэрэглэж байсанд буруутгажээ. Гондурасын экс ерөнхийлөгч түүнд тулгаад байгаа хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.