АНУ, БНХАУ-ын тэргүүлэгчид Украины талаар хэлэлцлээ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын тэргүүн Ши Жинпин нар олон улсын анхаарал татсан сэдэв, Украины дайн тулааны асуудлаар утсаар хэлэлцжээ. Хоёр их гүрний тэргүүнүүдийн утасны яриа хоёр цаг үргэлжилсэн байна. 

Хоорондоо хэдэн мянган бээрийн алсаас дэлхийн хоёр их гүрний тэргүүн нар Америк-Хятадын харилцаа холбоо, Украины дайн тулааны талаар тогтон хэлэлцсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэсэн АНУ-ын тэргүүн Хятадын хамтрагчдаа хандан Оросын талд цэргийн болоод эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээс татгалзаж, Москвагийн эсрэг олон улсын хоригт нэгдэхэд уриалжээ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн Орос-Украины хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын удирдагч Ши Жинпин утасны ярианы үеэр Украин дахь нөхцөл байдал, улс гүрнүүдийн хоорондын хямрал, сөргөлдөөн хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй байгааг тэмдэглэн хэлжээ.

Хятадын эрх баригчид Украины хямралыг эв зүйгээр шийдвэрлэж, яриа хэлэлцээрийн ширээний ард суухад уриалахын зэрэгцээ Украины иргэдэд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэхэд мөн уриалжээ. Хятадын тал түүнчлэн Америкийг Оросын эсрэг өдөөн хатгалт хийж, Киев зэр зэвсэг нийлүүлснээрээ хямралыг улам бүр дэвэргэж байгаад буруутгажээ.

Жо Байден, Ши Жинпин нарын утасны ярианаас өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Оросын тал Хятадын засгийн газраас цэргийн дэмжлэг туслалцаа хүсч хандсан гэх мэдээлэл тарсан ч Бээжин үүнийг батлаагүй юм. Түүнчлэн Оросын тал мөн энэхүү мэдээллийг үгүйсгэж, Москва гаднаас тусламж хүсэхгүй байх цэрэг батлан хамгаалахын бие даасан потенциалтай болохыг тэмдэглэжээ.