ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Италийн ерөнхий сайд Марио Драгитай утсаар хэлэлцжээ. Талууд утасны ярианы үеэр дэлхийн улс орнуудад нүүрлээд байгаа хүнсний хямралын талаар голчлон хэлэлцсэн байна.
Оросын тал Барууны улс орнууд хэт улстөржсөн хоригоо цуцлавал дэлхий дахинд нүүрлэж болзошгүй байгаа хүнсний хямралыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Путин энэ талаар Драгитай утсаар хэлэлцэх үеэрээ хэлж, Оросын талыг дэлхийн зах зээл дээр ХАА-н бүтээгдэхүүн нийлүүлэхэд үүсч байгаа асуудалд буруутгаж байгааг ул үндэслэлгүй гэдгийг онцолжээ.
Путин ХАА-н салбар, хүнсний аюулгүй байдалд тулгараад байгаа асуудал нь үйлдвэрлэлийн шат дамжлага болоод тээвэр ложистикийн гинжин холбоос алдагдсантай холбоотой болохоос Оросын Украины эсрэг явуулж байгаа цэрэг дайны ажиллагаанаас болоогүйг онцлон хэлсэн байна.
Барууны улс орнуудын Оросын эсрэг санхүү, эдийн засгийн хориг, мөн дэлхий дахинаа цар тахал болон дэгдсэн коронавирусний халдварын дараах нөхцөл байдал улс орнуудаад хоол хүнсний хямрал нүүрлэхэд хүргэж байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм.